Өчигдөр Гватемалд сонгуулийн санал хураалтыг албан ёсоор хаасан. Энэхүү сонгуулиар улс төрийн гүн хямралд өртсөн гватемалчууд Ерөнхийлөгч болон Конгрессын төлөөлөгчдийг сонгож байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Ерөнхийлөгч асан Отто Перез Молина албан тушаалаасаа огцорсон бөгөөд мөнгө угаасан хэргээр баривчлагдаад байгаа тул тус улсад улс төрийн бужигнаан ихтэй байна. Энэхүү үйл явдлын дараа олон мянган иргэд сонгуулийн хугацааг хойшлуулахыг шаардан жагссан ч үр дүнд хүрсэнгүй.
Энэ жилийн сонгуулийн гол өрсөлдөгчид нь Баруун төвийн бизнесмен Мануэль Балдизон болон инээдмийн жүжигчин Жимми Моралес нар юм.
Хэрвээ Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн ч 50 хувиас дээш санал авахгүй бол дараагийн шатны сонгууль ирэх аравдугаар сарын 25-ны өдөр товлогдоод байгаа билээ.
Ерөнхийлөгчид нэр дэвшигч Моралес саналаа өгсний дараа “Гватемалчууд өөрчлөлтийг хүсч байна. Манай ард түмэн өнгөрсөн харанхуйг бүтээлцсэн хүмүүсээр засаглуулахыг хүсэхгүй байгаа” хэмээн хэлжээ.
Харин нэр дэвшигч Балдизон өөртөө саналаа өгсний дараа “Гватемалчууд энх тайван амьдралыг хүсч байна. Шударга сонгуулийг хүсч байна” хэмээн хэлжээ.
Гватемалын сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн ирцийн талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй ч санал хураалт нээгдсэнээс хойш 5 цагийн дараа гэхэд сонгогчдын 50-иас дээш хувь нь саналаа өгсөн байсан гэжээ. Нийт 7.5 сая хүн саналаа өгөх эрхтэй юм байна.
Г.Үжин