Ази тивийн аварга шалгаруулах боксын XXVIII дахь удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн 60кг-д Доржнямбуугийн Отгондалай түрүүллээ.
Тэрбээр алтан медалийн төлөө Казахстаны боксчин Сафиуллинтай тоглож гурван үеийн турш илүүрхсээр хожсон юм.
60кг-д Азийн наадмын аварга ОУХМ Д.Отгондалай маань эхний даваандаа гоц мөргөж, улмаар Индонези улсын тамирчин Папенданг, эзэн орны боксчин Лонгчин нарыг ялж хүрэл медалын болзол хангасан. Мөнгөн медалын төлөө Узбекстаны Авдураймовтой тоглож 3-0-ээр өрсөлдөгчөө буулган авсан юм. Мөнгөн медалийн төлөөх тоглолтын гуравдугаар үед Д.Отгондалайгийн хөмсөг задарсан ч тэрээр ялалтаар төгсгөлөө хийж чадсан.
Финалын тоглолтын гуравдугаар үед мөн л хөмсөгнөөс болж шүүгч хоёр ч удаа тоглолтыг зогсоосон ч Д.Отгондалай илүү тоглолтынхоо ачаар өрсөлдөгчөө буулгаж авлаа.
2014 оны Азийн наадмаас алтан медаль хүртэж байсан тэрбээр 2015 онд тивийн аварга цолоор амжилтаа баталгаажуулж Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандууллаа.
Сэтгэгдэл (2)