Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо болж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд О.Жавзмаа нар барилдана. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 14.00, шигшээ барилдаан 20.00 цагаас эхэлнэ.
Н.Түвшинбаяр “В” хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогтоо өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Жозе Арментеростой барилдана. О.Жавзмаа эхний барилдаанаа дэлхийн аварга Кубын И.Ортистэй хийх бөгөөд тэрээр “С” хэсэгт багтжээ.
120 орон оролцож буй энэ удаагийн дэлхийн аваргаас 19 орон ямар нэгэн медаль аваад байгаагаас Япон улс 5 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтай тэргүүлж, БНСУ хоёр алт, Франц, Казахстан Словени улс нэг алтан медальтай удаалж буй. Харин манай улс гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар жагсаалтын X байрт бичигдэж байна.
Тодруулбал, Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа, 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль, эрэгтэй жүдочдоос Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Одбаяр нар шагналт V байр, эмэгтэйчүүдээс А.Цолмон VII байр эзлэсэн байна.
Тэмцээний маргааш багийн барилдаанаар өндөрлөнө.