Сирийн Ерөнхийлөгч Б.Ассад холбоотон болох Орос, Иранаас цаашид ч дэмжлэг авна гэдэгт итгэлтэй буйгаа мэдэгджээ. Тэрбээр “Аль-Манар” телевизэд өгсөн ярилцлагадаа энэ талаар онцолсон байна.
Саяхан Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурсан Орос, Ираны эрх баригчид Сири дэх нөхцөл байдлыг зохицуулах үүднээс Б.Ассадын талынханд дэмжлэг үзүүлэхгүй байх магадлалтай гэсэн мэдээлэл цацагдаж байжээ.
Сирийн Ерөнхийлөгч уг мэдээллийг няцааж, “Оросуудад бид их итгэдэг. Учир нь тэд олон арван жилийн туршид манай үнэнч найз гэдгээ харуулж чадсан. Оросын тал бидэнд элдэв шаардлага тавьдаггүй. Сиричүүд өөрсдөө л хэлэлцээрийн ширээнд суувал зөвшилцөлд хүрнэ" гэсэн байна.
Урьд нь Орос болон Ираны талууд "Сирийн хямралыг зохицуулах хэлэлцээрийн нэг хэсэг нь Б.Ассад өөрөө юм” хэмээн онцолсон. Харин АНУ, Саудын Арави болон Францын эрх баригчид Сирийн төрийн тэргүүнийг огцорсон цагт тус улсад хямрал арилна гэж үздэг. Гэсэн хэдий ч Б.Ассад Сири дэх нөхцел байдлыг ойрын ирээдүйд шийдвэрлэх боломжгүй гэдгээ мэдэгдээд байна. 2011 онд тус улсад мөргөлдөөн гарсан бөгөөд едгеө ч дайны байдалтай хэвээр байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээгээр тус дайнд 250 мянга гаруй хүн амиа алджээ. Мөн хэдэн сая хүн орон гэрээсээ дайжин хөрш зэргэлдээх нутаг болон хилийн чанад руу дүрвэсээр байгаа юм. Мөн тус улсын зарим нутагт “Лалын улс” бүлэглэлийнхэн хяналтаа тогтоогоод байгаа аж.
Сэтгэгдэл (1)