Монголын жааз хөгжмийн урлагийг хөгжүүлэх, залуучуудад жааз хөгжмийг сурталчилан таниулах, мэргэшүүлэх зорилгоор хэрэгжиж буй төсөл хөтөлбөр хоёр дахь жилдээ үргэлжлэх болсонтой холбогдуулан “Хөгжим бүжгийн коллеж”-ын захирал МУГЖ Г.Эрдэнэбаттай ярилцсанаа уншигчиддаа хүргэж байна.
-Таньд энэ сайхан өдрийн мэнд хүргье жааз хөгжмийн боловсрол олгох төсөл маань энэ намар үргэлжлэхээр болсон байна. Мөн ээлжит шинэ хөгжим хэрэглэлийг өнөөдөр хүлээж авч байгаа юм байна. Энэ талаараа яриагаа эхлүүлэх үү?
-Эрхэм уншигчиддаа энэ баярт өдрийн мэндийг хүргэе. Энэ дашрамд хамгийн ихээр баярлах ёстой зүйл гэвэл “Гёте” студийн дарга жааз сонирхогч “Себастиан Войч” хүрэлцэн ирсэн явдал юм. Түүнийг ирээгүй бол энэ төсөл маань хэрэгжихэд хэцүү байсан. Энэ хүнд бид баярласан талархснаа илэрхийлэх ёстой. “Себастиан Войч” маань санаачлаад “Их талын жааз” төрийн бус байгууллагын манай Ганпүрэв болон манай сургалтын хамт олон энэхүү төслийг хэрэгжүүлье, өрөө тасалгаа гаргаж өгөөч хэмээн 2 жилийн өмнөөс саналаа тавьсан л даа. Энэ саналын 10-н оюутанг л шалгаруулж авъя гэсэн хариуг бидэнд өгсний дагуу шалгалт авахад 60-аад хүн ирсний 30 нь маш сайн үнэлгээтэй тэнцсэн юм. Себастиан Войч эдгээр 30 залууг бүгдийг нь сургахаар болсон. Би бодохдоо энэ 30-н залуугаас хэд нь үлдэх бол замын дундаас зарим нь шантарчих болов уу гэсэн эмээлт байсан боловч хавар гэхэд бүгд маш амжилттай суралцаж төгсөж чадсан. Бидэнд 60-аад сая төгрөг буюу 25.000 мянган долларын төсөл хэрэгжүүлэх боломж олгож 2 том өрөө гаргаж өгсөн юм. Сурагчдын хичээлийг Себастиан Войч өөрөө хариуцаж ажилласан боловч 7 хоног тутамд гадаадаас өндөр мэргэжилтэй багш нар ирж хичээл орж байна. Ийм боломж монголд бол ховор л доо үнэ хөлснөөс авхуулаад. Энэ үүднээс бид энэхүү төслөө үргэлжүүлье хэмээн саналаа тавьсаны үндсэн дээр 2 дахь төслөө эхлүүлсэн юм.
-Энэ төслөөр хэдэн хүнд суралцах боломж олдсон бэ?
-2 дахь элсэлтээр 50 гаруй хүнээс 12 хүнийг шалгаруулж авсан. Мөн 20 гаруй сая төгрөгний контор басс, дээд зэрэглэлийн сагсфон 4 ширхэг болон бусад хөгжмийн зэмсгүүдээ хүлээн аваад 9 сараас 2 дахь элсэлтийнхээ сургалтыг эхлэх гэж байна. Эдгээр сурагчид маань маш чанартай боловсролыг чадварлаг авч байгаа учраас ирээдүйн жааз хөгжмийн чиглэлийн мундаг багш нар төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаа.
-Ер нь Монголд жааз хөгжим үүсээд удсан гэж үздэг юм билээ. Энэхүү төслийн хамгийн гол зорилго нь мэргэжлийн түвшинд жааз хөгжимид бэлтгэгдэн гарч байгаагаараа онцлог гэж ойлголоо?
-Манай нийгэмд жааз хөгжмийн мэргэжлийн сургалт сургууль гэж байдаггүй байлаа. Харин энэ төслийг хэрэгжүүлж 40 хүүхдийг нийгэмд сурган гаргаж байна гэдэг тэр хэрээрээ нийгэмд жааз хөгжмийн хөгжлийг түгээх суурь нь болж өгч байгаа юм л даа.
-Хөгжим бүжгийн коллежоор дамжуулан олон хүүхэд залуучууд хөгжмийн боловсролыг энэ төвөөс авч байгаа. Ялангуяа монголд жааз хөгжмийг хөгжүүлэх энэ их том үйлст тус коллежийн болоод энэхүү төслийн оруулж байгаа үүрэг роль хэмжээлшгүй их хэмээн ойлгож байна. Жааз хөгжмийг сонирхдог залуусдаа хандан үгээ хэлбэл ?
Монголчууд их гайхалтай авъяастай, аливаа зүйлийг хурдан сурдаг, дасан зохицох чадвар сайтай. Энэ байдлаа ашиглаад мэргэжлийн болох хэрэгтэй. Ингэж байж бид дэлхийн зах зээлд гарч чадна. Энэ чиглэлээр сонирхдог залуучууд байх юм бол одооноом өөрийгөө хөгжүүлж жааз хөгжмийн сайхныг ойлгож түүнийг өөрийн болгож бусдад түгээгээрэй хэмээн хүсэх байна.
-Жааз хөгжмийг сонирхдог залуучууд олон байгаа байх. Тэд энэ жилээс мэргэжлийн дипломтой, албан ёсны гэрчилгээтэй болж байна гэж ойлгож болох уу.
-Бид энэ тал хараахан шийдээгүй байна. Бүтэн 2 жилийн турш маш өндөр түвшинд суралцаж төгссөн эдгээр залуусыг ямар үнэмлэх зэрэгтэй төгсгөх тал дээр ярилцаж байгаа. Магадгүй нэг юм уу 2 жилийн дараагаар дуулаачаар бакалавр, бүжгээр бакалвр гэдэгтэй адилхан жааз хөгжмийн бакалавр, магистрийн албан ёсны чиглэл бий болно гэж ойлгож байна.
Тийм. Бид яг үүнийг мөрөөдөж байгаа. Яах гэж энэ залуучуудыг сургаад байгаа юм бэ? Мэдээж эдгээр залуусын зарим нь төгсөөд хувь амьдралаа хөөх байх. Харин заримыг нь бид сургуульдаа үлдээн багшлуулах бусдад мэдсэн сурсанаа түгээх тал дээр анхаарч ажиллаж байна.
-Таньд маш их баярлалаа Монголын жааз хөгжмийг хөгжүүлэх энэ их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа таньд маш их баярлалаа.