ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Францын Ерөнхийлөгч Франсуа Олландыг хүлээн авч уулзсан байна. Хоёр орны Төрийн тэргүүн нарын уулзалт өчигдөр ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо болжээ.
Хоёр улсын Төрийн тэргүүн нар уулзалтынхаа дараагаар хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулж, энэ үеэр Европт үүсээд байгаа цагаачдын асуудлын талаар онцгойлон дурьдсан байна.
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель мөн тус улсын хэт барууны үзэлтэй нео-нацистууд цагаачдын түр орогнох байр луу довтолсон хэргийн талаар дурьдаж, тэрхүү үйл явдлыг хараад, юу ч хийхгүй зогсож байсан ард иргэдийн өмнөөс "ичиж" байгаагаа хэлсэн байна.
Дээрх хэрэг явдлын улмаас олон арван цагдаагийн албан хаагч бэртэж гэмтсэн байна. Мөн өдөр хоёр улсын Төрийн тэргүүн нар Украйны хямралын асуудлаар тус улсын Ерөнхийлөгч Петро Порошенкотой уулзлаа.
Гурван улсын Төрийн тэргүүн нар уулзалтын дараа хэлэхдээ энэ оны 2 дугаар сард Минск хотноо байгуулсан гал зогсоох гэрээг хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг онцоллоо. Үүний тулд боломжтой бүхнийг хийх хэрэгтэй байна хэмээн хэлсэн байна.