Нэгдсэн тохиролцоонд хүрч чадсан энэхүү яриа хэлэлцээрт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Аюулгүй Байдлын Асуудал Эрхэлсэн Зөвлөх Ким Гуан Жин, Өмнөд Солонгосын Нэгдлийн Яамны Сайд Хон Ён Пёо, Умард Солонгосын Ардын Армийн Улс Төрийн Товчооны Дарга Хван Пёон Со болон Умард Солонгосын Ажилчдын Намын Нэгдсэн Товчооны Дарга Ким Ян Гон нар оролцсон байна.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт эхэлсэн яриа хэлэлцээрийн үр дүнд зэвсэггүйжүүлсэн бүсэд байршуулсан газрын минад Өмнөд Солонгосын 2 цэрэг өртөж, шархадсан явдалд Умард Солонгосын зүгээс харамсал илэрхийлсэн бол Өмнөд Солонгосын зүгээс хоёр улсын хооронд байрлах хилийн зэвсэггүйжүүлсэн бүсэд суртал, ухуулгын шинжтэй нэвтрүүлгээ цацахаа зогсоохоор болсон байна.
Умард Солонгос улс мөн өөрийн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг дайны бэлэн байдалд оруулсан шийдвэрээ цуцлахаар болсон байна. Яриа хэлэлцээрийн үр дүнд мөн ирэх 9 дүгээр сард тохиох Солонгосын уламжлалт талархлын баярын үеэр хоёр улсад тусгаарлагдан амьдарч байгаа садан төрлүүдийг уулзуулахаар тохиролцсоноос гадна хоёр улсын харилцааг сэргээх үүднээс ойрын үед дахин яриа, хэлэлцээрүүдийг явуулахаар тохиролцжээ.
Хоёр улсын хооронд явагдсан яриа хэлэлцээрийн үр дүнгийн талаар тус уулзалтанд оролцсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Зөвлөх Ким Гуан Жин өнөөдөр Сөүл хотноо албан ёсны мэдэгдэл хийсэн байна. Харин яриа хэлэлцээрийн үр дүнгийн талаар Умард Солонгос улсад тус улсын төв телевизээр нийт ард түмэндээ мэдээлэл хүргэсэн байна.
Сэтгэгдэл (2)