Улсын драмын эрдмийн театрынхан 2002 оноос эхлэн аймгуудын ЗДТГ, театр, чуулгуудтай хамтран “УДЭТ-ын ӨДРҮҮД” аялан тоглолт хийх болсон юм.
Тэд энэ жил Баянхонгор, Өвөрхангай аймгийн үзэгчдэд “Бүүвэй”, “Чөлөөт хос”, “Хэлж зүрхлээгүй хайр”, “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр толилуулахаар болжээ. Аялан тоглолт ирэх сарын 9-нд Хархорин сумаас эхэлж, 10, 11-нд Арвайхээр, 12, 14-нд Баянхонгор аймгийн төв, 13-нд Бууцагаан суманд үргэлжилнэ.
Түүнчлэн энэ үеэр тухайн орон нутгаас төрсөн уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлж, төв орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн туршлага, мэдээлэл солилцох аж.