АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жое Байден ирэх жил болох төрийн тэргүүний сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх эсэхээ хараахан шийдээгүй байна. Тэрээр ялалт байгуулах боломжтой эсэхээ судалж, гол санхүүжүүлэгчтэйгээ ярилцаж байгаа хэмээн мэдээлжээ.
Ж.Байден уржигдар өөрийн төрсөн нутаг болох Делавер мужид ажлын айлчлал хийж байгаад яаралтайгаар Вашингтон руу буцжээ. Ардчилсан намынхан болон Сенатын гишүүн Элизабет Уоррентэй уулзахын тулд буцсан байна. Дэд Ерөнхийлөгч Вашингтон дахь өргөендөө Сенатын гишүүнийг хүлээн авч үдийн зоог барьжээ. Ардчилсан намын нөлөө бүхий гишүүдийн нэг болох Э.Уорренд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг санал болгосон боловч татгалзсан юм. Сенатын гишүүн нь санхүүгийн томоохон байгууллагууд АНУ-д нөлөөлөх гэсэн явдлыг эрс эсэргүүцдэг нэгэн. Түүнээс гадна Ардчилсан намаас Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр мэдэгдсэн нэр дэвшигчдээс хэнийг нь ч дэмжихгүй байгаа.
Хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд Ардчилсан намаас ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай гэж байгаа Хиллари Клинтоныг дэмжигчийн тоо эрс багассан. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хувийнхаа имэйл хаягаас албаны захидал бичсэн хэмээн буруутгагдаж Холбооны мердөх товчоо түүнийг шалгасан билээ. Энэ нь нэр хүнд нь унахад хүргэжээ. Үүнийг Жое Байден бас нэгэн боломж хэмээн үзсэн бололтой.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Байден өдгөө 72 настай бөгөөд 1998, 2008 онуудад Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн боловч сунгаанд ялагдсан.