Өнөөдөр Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын төмөр замын нэгдсэн холбоо, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, Автотээвэрчдийн ахмадын холбоо зэрэг есөн холбооны удирдлагууд мэдээлэл хийлээ.
Тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт ил захидал хүргүүлж буйгаа энэ үеэр мэдэгдлээ.
Мөн Монгол улсын хөгжлийн гол тулгуур болох Зам тээврийн салбарыг эм зүйч хүнээр удирдуулахыг эсэргүүцэж байна гэв. Тиймээс төр засгийн удирдлагуудад хандан Зам тээврийн сайдад салбараа мэддэг, мэдлэг туршлагатай хүнийг томилж өгөхийг хүсч шаардлага хүргүүлж байгаа аж.
Тэд гаргасан мэдэгдэлдээ, “Зам, тээврийн сайдыг томилох асуудал улс төрийн өндөрлөгт хэлэлцэгдэж байгаа талаар хэвлэл мэдээллээс харахад салбарын талаар “А”- ч үгүй эмзүйч хүнийг томилохоор тохиролцож байгаа сургийг сонсоод энэ салбарт насаараа ажилласан мэргэжлийн хүмүүс бид гүнээ зовинон ил захидлыг бичихээс аргагүйд хүрч байна” гэсэн байна.
Мөн, “Тээврийн салбарт хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих, төрийн нуруунаас нэг ч болов үйлдвэрлэл, үйлчилгээний дарамтыг хөнгөвчлөхийн оронд ард иргэдийн хүч хөлсөө гаргаж байж олдог орлогын албан татвараас бүрддэг төсвийн зарцуулалтыг өөрсдийн эрх мэдлийн давуу байдлаар бий болгож, хувийн хөрөнгө оруулалтыг илт шахан хавчиж байгаагаас тээвэрчин бид хохирч байна. Өөрөөр хэлбэл салбарын асуудал хариуцаж байсан сайд бодлогын чанартай олон асуудлыг өнөөг хүртэл шийдвэрлэсэнгүй, зөвхөн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн явцуу эрх ашгийг хамгаалж байна” гэжээ.
Тэд зам тээврийн салбарын онцлогийг сайн мэддэг, Төрийн ажлын дадлага туршлагатай, мэдлэг боловсролтой хүнийг Зам тээврийн сайдаар томилох ёстой гэж манай салбарынхан үзэж байгаа гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (22)