Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Казахстаны Астана хотноо эхэлнэ.
Дэлхийн аваргад өрсөлдөх 137 орны эрэгтэй 495, эмэгтэй 328 жүдоч дунд Монголын 21 тамирчин багтаж буй. Тэдний гурав нь багийн барилдаанд оролцохоор Астанаг зорьсон юм. Өчигдөр тэмцээний сугалаа болж, манай 18 жүдочийн ес нь эхний тойрогтоо гоц мөргөсөн байна.
Тэмцээний өдөр бүрийн урьдчилсан барилдаан орон нутгийн цагаар 11.00 цагт буюу Улаанбаатарын цагаар 14.00 цагаас эхлэх юм. Харин шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагаас болох бөгөөд ДАШТ-ийг МҮОНТВ, ETV, SPORTBOX, C1 телевизүүд наймдугаар сарын 24-30-ны өдрүүдэд эх орон даяар шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болжээ.
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болно. Эрэгтэй 60 кг-ын жинд Гавьяат тамирчин, отгон дэлхийн аварга Г.Болдбаатар, анх удаа Дэлхийн аваргыг зорьж буй Ц.Цогтбаатар нар зодоглох бол эмэгтэй 48 кг-д Монголын шигшээ багийн найдваруудын нэг, Гавьяат тамирчин М.Уранцэцэг өрсөлдөнө.
Сэтгэгдэл (1)