Польш улсын баруун урд зүгт оршдог Ваубжих хотын Зөвлөлийн албанаас дэлхийн хоёрдугаар дайны үед ор сураггүй алга болсон Германы нацистуудын алт ачсан галт тэргийг олсон хүмүүс тэдэнтэй холбогдсон талаар мэдээлсэн байна.
Тус хотын зөвлөлийн албаны төлөөлөгч Марика Токарска хэлэхдээ нацистуудын алт ачсан галт тэргийг олсон хэмээн үзэж байгаа хоёр эрэгтэйг төлөөлсөн хууль, өмгөөллийн чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг хувийн байгууллагаас тэдэнд захидал илгээсэн гэжээ. Мөн тэдгээр эрэгтэйчүүд нийт алтны 10 хувийг тэдэнд өгөхийг зөвшөөрвөл галт тэрэгний байршлийг хэлнэ хэмээн захидалд бичсэн байна.
Орон нутгийн эрх баригчид дээрх асуудлыг баталгаатай эсэх тал дээр шалгалт хийн ажиллаж эхэлсэн байна. 1945 онд их хэмжээний алт ачсан нацистуудын галт тэрэг Ваубжих хотын нэгэн цайзын ойролцоох туннель руу орсноос хойш сураггүй алга болсон хэмээх цуу яриа тус улсад олон арван жил яригдаж байсан түүхтэй учир хотын албаныхан энэхүү асуудлыг ийнхүү шалгаж эхлээд байгаа юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы мэдэлд Вальденбург нэртэй байсан Польшийн Ваубжих хотыг Зөвлөлтийн Улаан Арми 1945 оны 5 дугаар сарын 8-ны өдөр чөлөөлж байжээ.
Сэтгэгдэл (1)