“Хархны өгөөш”, “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдээ үзэгчдэд хүргэж байсан “Twins” фильмийнхэн шинэхэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Уг фильмийн гуравдахь уран бүтээл “Такси” инээдмийн уран сайхны кино энэ сарын 26-ны өдрөөс эхлэн үзэгчдэд хүрч эхлэх аж. Тус киноны зохиолыг Г.Дарханбат бичиж, мөн ерөнхий найруулагчаар ажилласан бол зураг авалтыг “Fine art” студи гүйцэтгэжээ. Харин киноны гол дүрүүдэд “Шинэ үе” продакшны жүжигчин Л.Сөрөлт, Ц.Ганбаяр, “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал, жүжигчин С.Баттулга, дүрүүдэд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ж.Оюундарь, “Шилдэг өнгө” хамтлагийн жүжигчин С.Өлзийхүү, “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан, Г.Чулуунцэцэг гэх мэтчилэн чадварлаг уран бүтээлчид ажиллажээ.
Туэн удахгүй үзэгчдэд хүрэх шинэхэн уран бүтээлийнхээ талаар тус киноны ерөнхий продьюсер Г.Дарханбаяр хэлэхдээ “Аливаа уран бүтээл бүр үзэгчдэд ямарваа нэг зүйлийг ойлгуулах ёстой. Энэхүү уран бүтээлдээ ч бид архи ямар хор хөнөөлтэйг, энэ зүйлээр амьдралаа яаж баллуулдаг тухай, энэ зүйлийг даван туулж болдог тухай үзүүлэхийг хичээлээ” гэсэн юм.