Исламын шашинтай орнуудын хүрээлэн буй орчны мэргэжилтнүүд болон шашны тэргүүн нар чулуужсан нүүрс, газрын тосны олборлолт, хэрэглээгээрээ тэргүүлдэг АНУ, БНХАУ зэрэг чинээлэг орнуудыг 2050 гэхэд хүлэмжийн хий ялгаруулахаа больж, байгаль орчинд ээлгүй хэрэглээгээ бүрмөсөн зогсоохыг шаарджээ.
Түүнчлэн улстөрчдийг цаг агаарын дундаж температурын өсөлтийг цельсийн хоёр хэм дотор барих тухай шинэ хэлэлцээг батлахыг яаруулсан байна. Мэргэжилтнүүд болон шашны тэргүүн нар нэгдэн дэлхий нийтээрээ 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашиглах амлалт өгөх, 1.6 тэрбум лалын шашинтан дэлхийн дулааралтай тэмцэх үүрэгтэй зэргийг тэмдэглэсэн “Цаг агаарын тухай тунхаг бичиг” зохиосон аж. Үүнд цаг агаарын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа эмзэг бүс нутгуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж байх талаар мөн онцолсон байна.
Цаг агаарын дундаж хэм өсөж буйтай тэмцэх төлөвлөгөөгөө 50 гаруй орны удирдагчид танилцуулсан боловч тун цөөхөн нь исламын шашинтай улс байсан юм. Тиймээс энэхүү тунхаг бичиг ирэх арванхоёрдугаар сард Францын нийслэл Парист болох Дэлхийн дулааралтай тэмцэх тухай олон улсын хэлэлцээнд исламын орнуудын хувь нэмрийг оруулахад чухал түлхэц болохыг ажиглагчид онцоллоо. “Цаг агаарын тухай тунхаг бичиг”-ийн зохиогчдын нэг, хүрээлэн буй орчны мэргэжилтэн Фазлун Халид “Дэлхийн дулаарал хүн төрөлхтнийг шашин шүтлэг, яс үндсээр ялгалгүй бүгдэд нь аюул учруулна гэдгийг исламчууд ойлгоосой гэж хүсэж байна. Биднийг шашны дайн хийж, эдийн засагт санаа зовох зуур дэлхийн гүний тектоникийн хавтан хөдөлж эхэллээ” хэмээн сэтгүүлчдэд ярьсан юм.
Исламын тунхаг бичгийг Католик шашны тэргүүн нар эерэгээр үнэлж, хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэхээ мэдэгдлээ.