Өнгөрсөн оны долдугаар вард Малайзын агаарын тээврийн “Боинг 777-200ER” онгоц Амстердамаас Куала Лумпур чиглэлд нисэхдээ Украины Грабово хотод осолдож, 295 зорчигч амиа алдсан билээ. Тухайн үед Грабово хот салан тусгаарлагчдын мэдэлд ороод байсан учир Оросын талыг баримтлагчдыг онгоц руу гал нээж, унагасан гэж АНУ болон Европын эрх баригчид буруутгаж байсан.
Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Комсомольская правда” сонинд өчигдөр өгсөн ярилцлагадаа “Малайзын "MH17” нислэгийн онгоц осолдсоноос хоёр хоногийн дараа онгоц руу гал нээсэн хүмүүсийг АНУ илрүүлсэн гэж бидэнд мэдээлсэн. Гэвч ямар ч тайлан, нотолгоо танилцуулаагүй. Онгоцны ослоор амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх өдөр ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Жон Теффт ослын талаар мэдэж байсан гэж олон нийтэд мэдэгдэж байсан. Үнэхээр мэдэж байсан бол хүмүүст үнэнийг мэдээлэхийн оронд ОХУ-ыг эл хэрэгт буруутгаад байгаа нь ойлгомжгүй байна” гэж М.Захарова ярилаа.
АНУ болон Барууны орнууд ажлын хэсэг байгуулж, мөрдлөг хийх асуудлыг ОХУ ганцаараа хориглож, уг ослыг улстөржүүлэлгүй мөрдлөг явуулахыг илүүд үзсэнийг тэрбээр онцоллоо. Өнгөрсөн есдүгээр сард Малайзын “Боинг 777-200ER” гаднын биетэд өртсөний улмаас их биед нь гэмтэл гарч осолдсоныг Нидерландын Аюулгүйн зөвлөл урьдчилсан тайландаа дурьдсан юм.
Сэтгэгдэл (1)