Цөмийн бөмбөгдөлтөд өртөж байсан Хирошима болон Нагасаки хотоос НҮБ-ын бага хуралд оролцохоор Швейцарьт цугласан ахлах сургуулийн сурагчид цөмийн зэвсгээс татгалзахыг уриаллаа.
Өнгөрсөн мягмар гарагт Женев хотноо болсон уг хуралд 21 сурагч оролцсон юм. Сурагчдыг Нагасаки хотын иргэд “Энхтайвны элч” хэмээн сонгосон аж. Хирошимагаас ирсэн Цугуми Инүэ бүлгээ төлөөлөн илтгэл тавьсан байна. Инүэ хэлэхдээ “Хоёр хот дээр цөмийн бөмбөг хаяснаас хойш 70 жил өнгөрчээ. Хүн төрөлхтөн цөмийн зэвсгийг бүр мөсөн устгахын тулд ямар нэгэн том алхам хийх ёстой” гэв.
Хурлын дараа сурагчид НҮБ-ын зэвсэг хураах асуудал эрхэлдэг газарт зочилжээ. Бүлгийн гишүүн Хинака Огавагийн өвөө, эмээ нь Нагасаки хотын бөмбөгдөлтөөс эсэн мэнд үлдсэн аж. Тиймээс тэрбээр өвөө, эмээгийнхээ амьдралын гашуун туршлагын тухай, аль болох олон хүнд тайлбарлаж, цөмийн зэвсгийн хор хөнөөлийг таниулах зорилготой уг хуралд ирсэн байна.
Сурагчид цөмийн зэвсгээс татгалзахыг уриалсан 164 мянга гаруй иргэний гарын үсэгтэй өргөх бичиг болон энхтайвны бэлгэ тэмдэг болсон олон зуун цаасан шувууг хүлээлгэн өгсөн байна. НҮБ-ын зэвсэг хураах албаны дарга Марко Калбуш “Залуу үеийнхэн цөмийн зэвсгээс татгалзаж байгаа нь нэн чухал хэрэг” гэжээ.
Сэтгэгдэл (1)