Өнгөрсөн даваа гаригт Бангкокт халдлага болж, 20 хүн амиа алдаж 125 хүн гэмтсэн. Хэрэг гарсны дараагийн өдөр нэгэн этгээд хөл хөдөлгөөнтэй газар руу тэсрэх бөмбөг шидэхэд азаар ус руу унаж хүний амь эрсдээгүй байна. Дээрх халдлагуудын эздийг илрүүлэхээр Тайландын хууль сахиулах байгууллагынхан ажилласаар байна. 20 хүний аминд хүрсэн энэ хэргийг уйгарчууд үйлдсэн гэх таамгийг дэвшүүлээд байгаа юм.
“Бангкок пост”, “Нэйшн” сонинуудад бичсэнээр өнгөрсөн долдугаар сард Тайландад нэг жил амьдарсан 97 уйгарыг албадан нутаг руу нь буцаажээ. Үүнээс нэг сарын өмнө Турк улс руу 173 уйгарыг буцаасан аж. Үүний дараа хүний эрхийг хамгаалах байгууллагаас Тайландын эрх баригчдын энэ үйлдлийг хурцаар шүүмжилж, үүнийг уйгар гэр бүлийг хүч хэрэглэн салгасан хэрэг хэмээн буруутгаж байсан юм.
Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча мэдэгдэхдээ “Үүнийг хуулийн дагуу хийсэн" гэсэн тайлбарыг өгчээ. Уйгарчуудыг албадан буцаасан тухай мэдээ хэвлэлээр цацагдсаны дараахан Туркийн Стамбул хотод байрлах Тайландын Өргөмжит консулын газарт халдсан. Тиймээс Тайландын Засгийн газраас Туркт амьдарч буй иргэддээ хандан сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан.
“Бангкок пост”-ын мэдээлснээр халдлагын дараа Бангкок дахь хятад хороололд нэмэлт харуул хамгаалалт гаргажээ. Халдлага гарсан өдөр шар өнгийн футболкатай, гартаа цагаан уут барьсан сэжиг бүхий этгээдийн бичлэг камерт үлджээ. Тайландын цагдаа нар дэлбэрэлт болохоос хэдэн хормын өмнө түүнийг Эраваны сүмийн ойролцоо очиж, гудамжны сандал дор тэсрэх бөмбөг байрлуулсан байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлээд байгаа аж.
Мөн халдлагыг үйлдэгч нь гадаадын иргэн байх магадпалтай гэжээ. Юутай ч гэмт этгээд уг хэргийг ганцаараа эсвэл бүлгээрээ үйлдсэн ч бай, нутгийн иргэдийн дунд хамсаатан нь байх нь лавтай хэмээн цагдаа нар үзэж буй аж. Түүнээс гадна Бангкок дахь олон улсын нисэх онгоцны буудлын харуул хамгаалалтыг чангатгаж, нэмэлт хүчийг дайчлаад байна.