“Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад” өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна.
25 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээн “Хүннү Молл” цогцолборт наймдугаар сарын 19-29-ний өдрүүдэд буюу нийт 12 өдөр үргэлжлэх юм.
Тэмцээнийг үзэж сонирхохоор Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжинов Монголд ирсэн бөгөөд өчигдөр болсон нээлтийн арга хэмжээнд тэрээр оролцсон байна.
Энэ удаагийн Өвсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад оролцохоор 19 орны 33 багийн 150 гаруй тамирчин 50 гаруй албаны хүн өнөөдрийн байдлаар ирээд байгаа юм.
Манай улсын хувьд 10 баг буюу 16 хүртлэх насны 50 гаруй тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаад байгаа юм. Монголын шатрын холбооноос баг тамирчидынхаа бэлтгэл сургуулилтанд анхаарал хандуулж, ОХУ-ын дасгалжуулагч, Их мастер А.Фоминыхыг урьж ирүүлэн сургалт зохион байгуулсныг онцолъё.
Дэлхийн шатрын олимпиадын үеэр “Mongolia open 2015” олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулагдахаас гадна ОУШХ-ны шүүгч, дасгалжуулагчийн цол олгох семинар, сургуулийн шатрын багш нарт зориулсан тусгай үзүүлэх сургуулилтууд зэрэг арга хэмжээ болох юм.