Өнгөрсөн тавдугаар сард Германы иргэн Аннегрет Раунигк 65 насандаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлж гурван сарын дараа эмнэлгээс гарчээ. Тэрбээр, Берлинд Англи, Орос хэлний багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бөгөөд олон хүүхэдтэй байх нь эх хүний хамгийн сайхан баяр баясгалан гэж үздэг аж. Тийм учраас 65 насандаа үр шилжүүлэн суулгаж дөрвөн ихэр хүүхэд тээж зургаан сартай байхад нь кесарево хагалгаагаар төрүүлжээ.
Дөрвөн ихэр хорвоод мэндлэхдээ эд эрхтэний дутуу хөгжилтэй, жингийн дутагдалтай, нэг охин нь 650 грамм байсан учир гурван cap гаруй инкубаторт эмчийн хяналтанд байжээ. Хүүхдүүд хэвийн байдалдаа орсон ч хожим тархи, уушиг, нүдний гажигтай болохыг үгүйсгэхгүй хэмээн эмч нар нь анхааруулсан байна.
Уг эмэгтэйн хамгийн том хүүхэд нь 44 настай бөгөөд таван эрэгтэйн 17 хүүхдийг төрүүлжээ. Тэрбээр аль хэдийнэ долоон ач зээтэй болсон ч арван настай охиныхоо гуйлтаар дахин хүүхэдтэй болохоор шийдсэн байна.
Тэрбээр өмнө нь 55 насандаа Лейла хэмээх охиноо төрүүлснээр улсдаа хамгийн өндөр насандаа хүүхэд төрүүлсэн эмэгтэй болж түүнээс арван жилийн дараа дахин өөрийнхөө амжилтыг эвдэж дөрвөн ихэр хүүхэдтэй болсон нь энэ юм. Амьдралдаа ганцхан удаа гэрлэж өөртөө тохирох эр хүнийг олж чадаагүй учраас 13 хүүхдээ ганцаараа өсгөж хүний дайтай хүн болгожээ.
Сэтгэгдэл (2)