Шри-Ланка улсын парламентын сонгуулийн дүн өчигдөр гарсан байна. Сонгуулийн дүнгээр тус улсын одоогийн Ерөнхий Сайдын Үндэсний Нэгдсэн Нам парламентын олонхи болж, ялалт байгуулжээ.
Шри-Ланка улсын Ерөнхий Сайд Ранил Викремесингхе хэлэхдээ Даваа гаригийн сонгуулийн дүн түүний Засгийн Газрын сайн засаглал болон олон нийтэд хүрсэн зүй зохистой улс төрийн бодлогыг сонгогч олон сайшаан, түүнд итгэж байгааг нотлон харууллаа гэжээ.
Парламентын сонгуулийн албан ёсны дүнгээр түүний Үндэсний Нэгдсэн Нам нийт 225 суудлаас 106 суудал авч олонхи болсон байна. Тус улсын Ерөнхийлөгч асан Махинда Ражапаксагийн Нэгдмэл Ард Түмний Эрх Чөлөөний Холбоо Нам 95 суудал авсан байна. Харин Тамил Үндэсний Холбоо Нам парламентад 16 суудал авчээ. Үлдсэн суудлыг бусад жижиг намууд хуваан авсан байна. Тус улсын хуулинд аливаа нэг нам, эвсэл парламентад доод тал нь 113 суудал авч байж Засгийн Газрыг байгуулахаар заасан байдаг тул Ерөнхий Сайд Ранил Викремесингхегийн хувьд одоо зарим дэмжлэг авах ёстой болоод байгаа юм.