ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Севастополь хотын орчим дахь Хар Тэнгис болон Крымийн эргээр зочилсон байна. Тэрээр саяхан илрээд байгаа олон зуун жилийн өмнө Хар Тэнгист живсэн Византийн хөлөг онгоцны үлдэгдлийг сонирхохоор хүрэлцэн ирсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хар Тэнгист тансаг зэрэглэлийн усан онгоцоор хүрэлцэн ирсний дараа тэнгисийн ёроолоос олдсон Византийн худалдааны хөлөг онгоцны үлдэгдлийг сонирхох үүднээс жижиг оврын шумбагч хөлгийг өөрөө жолоодон, тэнгисийн гүн рүү орсон гэж "CNN" агентлаг мэдээлжээ.
Тэрээр манай эриний 9, 10 дугаар зууны үед хамаарагдах живсэн хөлөг онгоцны үлдэгдлийг сонирхохоор 83 метрийн гүнд орсон гэлээ. Түүнтэй хамт хүрэлцэн ирсэн ОХУ-ын Ерөнхий Сайд Дмитрий Медведев хуурай газарт үлдэж, тэнгисийн ёроол руу орсон Ерөнхийлөгч В.Путинтэй радиогоор холбогдсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үүний дараа Севастополь хотод орших, сэргээн засварласан Константины цогцолбор музейг үзэж сонирхжээ. Тэрээр түүнийг дагалдсан тус улсын Ерөнхий Сайд Дмитрий Медведев, Батлан Хамгаалахын Сайд Сергей Шойгу, Ерөнхийлөгчийн Зөвлөх Албаны Дарга Сергей Иванов зэрэг албаны хүмүүсийн хамтаар тус цогцолборыг Дэлхийн хоёрдугаар дайны үед хамгаалан, амь үрэгдэгсдийн булшинд хүндэтгэл үзүүлж, цэцэг тавьжээ.
Константины цогцолбор газрыг 18 дугаар зууны үед цэргийн зориулалтаар барьж байсан юм. Саяхан засварт орж, шинэчлэгдээд байгаа энэхүү цогцолбор музейд удахгүй Севастополь хотын цэрэг, дайны түүхийг харуулсан үзэсгэлэн, номын санг мөн удахгүй нээхээр төлөвлөсөн байна.