“TLG13” ТББ болон “М-Си-Эс Кока-Кола” компани, Спрайт брэндтэй хамтран зохион байгуулдаг гудамжны сагсан бөмбөгийн хүчирхэг тулаан, 3 эсрэг 3 тэмцээн 11 дэх жилдээ эхлэхэд бэлэн боллоо.
Сагсан бөмбөгийн 3 эсрэг 3 төрөл нь сүүлийн үед олон улсад их эрчимтэй хөгжиж, Олимпийн наадмын төрөл болоход ч тун ойрхон яригдаж байгаа. Манай улс ч өөрийн Ази тивийн аварга болон өсвөрийн ДАШТ-үүдэд амжилт гаргаад амжсан. Монгол улсад энэ төрлөөр болдог хамгийн том тэмцээн болох “Спрайт 3 эсрэг 3”, зун цагийн баяр, гудамжны сагсан бөмбөгийн хүчирхэг тулаан нөгөөдөр буюу 8 сарын 20-нд Чингисийн талбайд эхлэх гэж байна. “М-Си-Эс Кока-Кола” компани болон “TLG13” ТББ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тэмцээн, энэ жил 11 дэх удаагаа болж байна.
Нийт Улаанбаатар хотын 6 дүүргийн 5000 гаруй хүүхэд залуус энэ тэмцээнд авьяас, хурд хүчээ сорих юм. Тэмцээн энэ 8-р сарын 20-с 24-ний өдрүүдэд, Чингисийн талбайд болох ба 18-с дээш болон доош гэсэн 2 насны ангиллаар зохиогдоно.
8-р сарын 20-нд Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, 8-р сарын 21-нд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 8-р сарын 22-нд Хан-Уул, Баянгол дүүргүүдийн тэмцээн болох бол дүүргүүдийн эхний 3-н байранд орсон багууд 8 сарын 24-нд болох хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна. Мөн эмэгтэй багуудын тоглолт сүүлийн өдөр буюу 8 сарын 24-нд болох юм.
Тэмцээн ФИБА буюу Олон улсын Сагсан Бөмбөгийн Холбооны 3 эсрэг 3 шинэчилсэн дүрмээр явагдах ба нэг баг 4 хүний бүрэлдэхүүнтэй байх юм.