Казахстаны Астана хотноо болох жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхлэхэд цөөн хоног үлдлээ. Наймдугаар сарын 24-30-ны хооронд үргэлжлэх жүдо бөхийн ДАШТ-д 129 орны эрэгтэй 490, эмэгтэй 326 тамирчин тус бүр долоон жинд аваргаа тодруулна.
"Астана-2015" ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хамгийн олон бүсгүйчүүд хүч үзэх бөгөөд нийт 49 орны 61 тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.
Энэ жинд манай улсаас ОУХМ Доржсүрэнгийн Сумьяа, Алтайгийн Батзул нар хүч үзнэ. Энэ жингийн чансааг Румыний Корина Каприориу тэргүүлэн барилдана. Харин №2-т Португалын Тельма Монтейро бичигдэж байгаа бол манай ОУХМ Д.Сумьяа гуравдугаарт эрэмблэгдэж байна. Тэрбээр чансаагаараа D хэсгийг тэргүүлэх бөгөөд Германы Мирям Ропертой нэг хэсэгт таарахаар болсон.
Түүнчлэн топ 8-д Бразилийн бөх дэлхийн аварга Рафаэла Сильва, АНУ-ын Марти Малой, Францын Аутомне Павиа, Австрийн Сабрина Филкмостер нар бичигдэж байна. Эдгээр тамирчдын толгойлсон хэсэгт олимп, дэлхийн аварга Японы Каори Мацүмото, ДАШТ-ий хүрэлтэй Недерландын Санне Верхаген нар сугалаагаар орох болно хэмээн Монголын жудо бөхийн холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (1)