Тайланд улсад Исламын шашинтай хэт даврагчид байдаг ч нутгийн өмнөд хэсгээр халдлага дайралт үйлдэх нь бий. Харин улсын бусад хэсэгт тэр дундаа нийслэл Бангкок хотод санаатайгаар халдан түрэмгийлэх гэмт хэрэг гарах нь тун ховор юм. Гэтэл өчигдөр орой 19 цагт нийслэл Бангкок хотын төвд аялал жуулчлалын гол хэсэг болсон Хинду сүмд бөмбөг дэлбэлсэн байна. Одоогоор санаатай гэмт халдлага үйлдсэн этгээдүүдийг олж илрүүлээгүй байгаа ч улс орон даяар гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж эхэллээ.
Бангкок хотын гадны аялагч жуулчид өдөрт хэдэн зуугаараа ирдэг Эраван Хинду сүм дотор бөмбөг байрлуулсан байсан байна. Мөрдөгчдийн урьдчилсан дүгнэлтээр сүмд 3 кг орчим тэсрэх бодис бүхий бөмбөг суурилуулжээ. Бөмбөг дэлбэрсний улмаас 19 хүн амь үрэгдэж, 120 гаруй хүн гэмтэж шархаджээ. Амь үрэгдсэн хохирогчдын 10 нь Тайланд улсын иргэн болох нь баттай болсон бол тэдний дунд Хятадын 2 жуулчин, Филиппиний нэг жуулчин байжээ.
Бангкок хотын 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудлууд, худалдааны төвүүдийн дунд байдаг сүмд болсон дэлбэрэлт улсын аялал жуулчлал, эдийн засгийн өсөлтөнд сөргөөр нөлөөлөхийг батлан хамгаалын сайд Правит Вонгсуван мэдэгдсэн байна. Гэмт этгээдүүдийг цаг алдалгүй баривчлахын тулд Тайландын батлан хамгаалах, цэрэг цагдаагийнхан дайны бэлэн байдалд орсныг Засгийн газрын тэргүүн Прают Чан-Оча хэлжээ.
Ойрын жилүүдэд Тайланд улсын нийслэл Бангкок хотод ийм төрлийн халдлага дайралт огт гараагүй юм. Хамгийн сүүлд өнгөрсөн 5 дугаар сард цэргийн эрх мэдэлтнүүд Засгийн эрхийг гартаа оруулснаас хойш амар тайван байдал ноёлж байсан юм.
Сэтгэгдэл (1)