Индонезийн Папуа мужид орон нутгийн нислэг хийж явсан зорчигч тээврийн онгоц өнгөрсөн ням гарагт сураггүй болсон тухай олон улсын агентлагууд мэдээлж байсан. Trigana Air Service компанийн онгоцонд 54 хүн зорчиж явсан бөгөөд нийслэл Жаяпура хотын Сэнтани нисэх онгоцны буудлаас 14:22 цагт хөөрсөн ч 14:55 цагт холбоо тасарчээ.
Тэгвэл хэдхэн цагийн өмнө Индонезийн эрэн хайх, аврах агентлаг онгоцны хэлтэрхийг Папуа мужийн Тангок уулнаас олсон тухай Индонезийн тээврийн сайд мэдэгдлээ. Одоогоор онгоцны ослоос амьд үлдсэн хүн байгаа эсэх нь тодорхойгүй байна. Тангок уул нь нийслэл Жаяпурагаас 280 км-ийн зайд оршдог юм байна.
Эх сурвалжийн мэдээлснээр сүйрсэн онгоцыг тосгоны иргэд олж, мэдэгдсэн гэнэ. ATR42-300 онгоцонд 44 том хүн, 5 хүүхэд, хөлгийн 5 гишүүн байжээ. Шинжээчид цаг агаарын таагүй байдлын улмаас онгоц осолдсон байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлээд байна.