Хятадын далайн боомт хот Тяньжинд лхагва гарагт хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 100 гаруй хүн амиа алдаад байна. Дараалан гарсан дэлбэрэлт хотын аж үйлдвэрийн бүс буюу техникийн шатах тослох материал агуулдаг контейнерүүд тавьсан бүсэд болсон юм. Хятадын газар хөдлөлт хянах төвөөс мэдээлсэнээр, дараалсан хойр дэлбэрэлт болсон бөгөөд эхнийх нь арай сул гурван тонн тротилийн дэлбэрэлттэй тэнцүү байсан бол хоёр дахь нь 21 тонн тротилийн дэлбэрэлттэй дүйцэж байжээ.
Дэлбэрэлтийн хүчтэй долгионоор хэдэн зуун километр газрын хөрс чичирхийлсний улмаас оршин суугчид газар хөдлөлөө хэмээн гэр орноо орхин гарч зугтсан байна.Тус хотын эрх баригчид дэлбэрэлт болсон бүс нутгаас 25 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар байршуулсан байна.
Ойролцоогоор 10 мянган хүн орон гэргүй болж, хохирол амссан гэв. “Дэлбэрэлт болсон агуулахад Хятадын армийн 189 химийн шинжээч ажиллаж байгаа бөгөөд ирэх даваа гаригт албан ёсны мэдээлэл хийх болно” гэж Тяньжин хотын дарга сэтгүүлчдэд мэдэгджээ.
Ослын газар ажиллаж буй аврагчид өнгөрсөн баасан гаригт 700 тонн цианидыг устгасан билээ. Дэлбэрэлт болсон агуулахад их хэмжээний цианидыг хадгалж байсан нь мөрдлөгийн явцад тогтоогдсон юм. Улсад их хэмжээний хохирол учруулсан “Рүй Хай” компанийн 15 хүнийг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ.