АНУ-ын Пенсильвань мужийн тэргүүн мисс хорт хавдартай хэмээн жүжиглэж, олон нийтээс хандив цуглуулсан нь илэрчээ. 23 настай мисс Брэнди Вивр-Гэйтс залилан хийсэн хэргээр мягмар гарагт баривчлагдсан байна.
Вивр-Гэйтс 2013 оноос хойш цусны хорт хавдар туссан гэж хүмүүсийг хууран, буяны болон бизнесийн байгууллагуудаас хандив цуглуулж байжээ. Бүсгүй хандиваар нийт хэдэн доллар цуглуулсан нь тодорхойгүй байна.
Хамгийн сүүлд дөрөвдүгээр сард болсон арга хэмжээний үеэр түүний эмчилгээнд 14 мянган ам.доллар цугларсан гэж цагдаагийн албанаас мэдэгджээ. Энэ хэргийн тухай бичсэн нэргүй захидал цагдаагийн байгууллагад ирснээр тэргүүн миссийн жүжиг илчлэгдсэн аж.