Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр өрсөлдөж буй Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн дарга байхдаа хэрэглэж байсан компьютероо Холбооны мөрдөх товчоонд хүлээлгэж өгчээ.
Компьютерт түүнийг дээрх албан тушаалыг хашиж байхдаа бичсэн албан бичиг, шийдвэр тушаалууд, хувийн цахим захидлууд хадгалагдаж байгаа юм байна. “Вашингтон пост” сонинд энэ талаар мэдээлжээ. Тэрбээр сайн дураараа ийм алхам хийсэн үү, эсвэл ХМТ-ны шахалт орсон уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.
Түүнийг нууцын зэрэглэлтэй 100 гаруй баримт бичгүүдийг компьютертээ хадгалж, хувийн зорилгоор ашиглаж байсан байж болзошгүй учир шалгалт явуулах хүсэлтийг ХМТ-ноос Хууль зүйн яаманд ирүүлсэн гэсэн мэдээлэл өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр The New York Times сонинд гарч байсан юм. Хэрвээ саяны үйл явдал дээрх мэдээлэлтэй холбоотой бол Х.Клинтон улсын нууц задруулсан хэрэгт ч унаж магадгүй юм.
Х.Клинтон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нууц мэдээллийг хадгалах тухай хуулийг зөрчсөн хэрэгт буруутгагдан шуугиан тарьж байсан удаатай. Тэрбээр албаны бичиг баримтуудыг файл болон цаасан хэлбэрээр хувьдаа хадгалж байсан нь илэрсэн юм. Х.Клинтон 2013 оноос хойш улстөрийн албан тушаал хашаагүй. Хуулийн дагуу бол тэрбээр дараагийн хүндээ дээрх бүх баримтуудыг шилжүүлж өгөх ёстой байсан бөгөөд түүнийг түүхчид, албаны хүмүүс л ашиглах ёстой байдаг байна.