Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтдаг байсан Молдавт байдал нэлээд ээдрээтэй болох төлевтэй байна. Европын Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ягланд ‘‘The New York Times” сонинд бичсэн нийтлэлдээ энэ тухай өгүүлжээ. Европын Холбооны гишүүн болох бодлогыг баримталж буй Молдавын эрх баригчид улс орныхоо эдийн засаг болон төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нээлттэй болгохын тулд дорвитой зүйл хийгээгүйг онцолжээ.
Молдавт бүх эрх мэдэл олигархуудын гарт байгаагаас гадна хээл хахууль газар авсан. Тиймээс амьдрахын эрхэнд ард иргэд нь хэдэн мянгаараа гадаад гарсаар байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл ард иргэд нь төр засагтаа ихэд сэтгэл дундуур байна. Үүний нэгэн баталгаа нь өнгөрсөн оны сүүлчээр Молдавын гурван банкнаас хэдэн тэрбум ам.доллар алга болсон явдал аж. Энэ нь ард иргэдийнх нь төдийгүй гадаадынхны Молдавын эрх баригчдад итгэх итгэлийг үндсэндээ алдруулсан.
Хамгийн гол нь ойрын өдрүүдэд тус улсын эдийн засаг нэлээд хүндрэлтэй тулгарч болзошгүй байна. Молдавын эрх баригчид ойрын хугацаанд хээл хахуультай тэмцэх болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татах асуудал дээр дорвитой алхам хийхгүй бол байдал улам хүндрэх гэнэ. Түүнээс гадна сүүлийн үед Молдав болон Приднестровьегийн харилцаа нэлээд муу байгаа. Хэрвээ байдал энэ чигээрээ үргэлжилбэл нөхцөл байдлыг хянахын аргагүй болох аюултай юм. Тиймээс Евролын Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ягланд Молдавын эрх баригчдад хандан Украинаас сургамж авахыг уриалаад “Украины хямрал нь ард иргэд нь улс төрийн байдалд сэтгэл дундуур болсноос эхэлснийг мартаж болохгүй” гэв.
Сэтгэгдэл (2)