АНУ-ын Миссури мужид онц байдал зарлалаа. Тус мужийн Фергюсон хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд нэг жилийн өмнө цагдаад буудуулан нас барсан хар арьстан залуугийн дурсгалыг хүндэтгэх марш болсон. Энэ үеэр 18 настай залуу цагдаа нар руу гал нээсэн байна. Үүний хариуд цагдаа нар ч галт зэвсэг хэрэглэсэн хэмээн мэдэгдсэн юм.
Жагсагчид машин замыг хааж зогссоноос түгжрэл үүссэн байна. Энэ үеэр хууль сахиулах байгууллагын ажилтнууд ойролцоогоор 50 хүнийг саатуулсан бөгөөд цагдаагийн гурван ажилтан бэртэл авчээ. Саатуулагдсан хүмүүсийн нэг нь нэрт зохиолч, эрдэмтэн Конел Уэст аж.
Миссури мужийн Сент-Луис дүүргийн гүйцэтгэх засаглалын тэргүүн Стив Стенгер онц байдал тогтоох шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдэхдээ “Сүүлийн нэг жилийн хугацаанд оршин суугчид хэвийн амьдралдаа орохыг хичээж байхад бид дахин хүчирхийлэл гаргуулах ёсгүй” гэжээ. Онц байдал зарласнаар дүүргийн цагдаагийн газрын дарга нь бүх хүчийг шууд удирдах эрхтэй болно. Хамгийн сүүлд авсан мэдээллээр өнгөрсен даваагаас мягмар гаригт шилжих шөнө хэдэн зуун хүн дахин гудамжинд гарч эсэргүүцлээ илэр хийлсэн байна. Энэ үеэр дахин арван хүнийг саатуулжээ.