Монголын туялзуур сэлэмний холбооноос есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох ”Ulaanbaatar 2015" туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийв.
Энэ удаагийн хурлаар ирэх сард болох тэмцээний талаарх ерөнхий мэдээлэл өгснөөс гадна тэмцээний ивээн тэтгэгч байгууллагууд болох "Mongol Content", "yMoment спарт ап" компани болон "Баянгол" зочид буудалтай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Ази, Номхон далайн орнуудын 35 улсын 250 гаруй сэлэмчин оролцох тус тэмцээнийг 16 улсын 19 шүүгч, техникийн ажилтнууд удирдан явуулах юм. Түүнчлэн энэ үеэр Улаанбаатар хотноо Азийн туялзуур сэлэмний холбооны 2015 Ерөнхий ассемблей болох бөгөөд энэ хуралд Азийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, хүндэт зочид оролцоно.
Өнөөдрийн байдлаар 220 гаруй сэлэмчин тус тэмцээнд оролцох мэдүүлгээ ирүүлээд байгаа бөгөөд “Ulaanbaatar 2015” залуучуудын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцох тамирчдын бүртгэл наймдугаар сарын 17-ны өдрийг үргэлжилнэ. Ирэх сард зохион байгуулагдах уг тэмцээн Азийн Олимпийн Зөвлөлийн ерөнхийлөгч Шейх Ахмад Фахад Аль Сабахын нэрэмжит гэдгээрээ онцлогтой.