Умард Солонгосын шинэ цагийн бүсийн талаар Өмнөд Солонгосын Засгийн Газрын хуралдаан боллоо.
Хуралдааны үеэр тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Умард Солонгосын энэхүү үйлдэлд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хэлэхдээ Умард Солонгосын шинэ цагийн бүс нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд саад учруулж, сөргөөр нөлөөлөх болно гэсэн байна.
Хуралдааны үеэр тус улсын Нэгдлийн Яамны төлөөлөгч Жеонг Жун Хи Умард Солонгосын шинэ цагийн бүстэй болох гэж байгаа энэхүү үйлдэл нь хоёр улсын хамтын ажиллагаанд гарч байгаа ахиц дэвшилд саад учруулах болно хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрээр энэхүү асуудлаар өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт тус улсын зүгээс тавьсан хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээр явуулах хүсэлтэд хариу өгөөгүйд Умард Солонгосыг буруутгасан байна.
Умард Солонгосын шинэ цагийн бүсийн асуудлаар Өмнөд Солонгосын Нэгдлийн Яамнаас өнгөрсөн Баасан гаригт мөн мэдэгдэл хийсэн юм. Мэдэгдэлд шинэ цагийн бүс нь Умард Солонгосын хил дээр оршдог Кэсон хотноо байрлах Умард, Өмнөд Солонгосын хамтарсан аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагаа болон хоёр Солонгосын хоорондох бусад асуудлуудад бага хэмжээний эмх замбараагүй байдал үүсгэн, саад учруулах магадлалтай хэмээн дурджээ. Умард Солонгос улс "Пхеньяны цаг" хэмээх өөрийн гэсэн цагийн бүстэй болох гэж байгаа талаар өнгөрөгч Баасан гаригт тус улсын Төв Мэдээллийн Албанаас мэдэгдсэн юм. Одоогийн цагийг 30 минутаар ухраан, шинэ цагийн бүсийг албан ёсоор тогтоох арга хэмжээг 8 дугаар сарын 15-ны өдөр буюу ирэх Бямба гаригт зохион байгуулахаар болжээ. Учир нь энэхүү өдөр Дэлхийн Хоёрдугаар Дайны төгсгөлд Солонгос улс Японы дарлалаас чөлөөлөгдсөний 70 жилийн ой тохиож байгаа билээ. Умард болон Өмнөд Солонгосын маш олон өндөр настай иргэд өнөөдрийг хүртэл Японы дарлалын тэрхүү он жилүүдийг жигшин зэвүүцдэг байна. Тухайн үед олон зуун мянган солонгос иргэн Японы армийн тэргүүн эгнээнд хүчээр байлдаж, хүнд хөдөлмөр эрхэлж байснаас гадна солонгос эмэгтэйчүүдийг албан хүчээр эмсийн хүрээлэнд ажиллуулж байжээ