Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн “Fox News” телевизэд болж, шуугианаар өндөрлөлөө. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп мэтгэлцээний үеэр эмэгтэйчүүдийг доромжлон, гутаасан тул тус намын баруун жигүүрээс Атланта хотод болох их хуралдаа түүнийг урихгүй байхаар шийдвэрлэснээ зарласан байна.
“Fox News’’-ийн хөтлөгч Мэгин Келли эмэгтэйчүүдийг яагаад балиар амьтан, гахай гэж нэрлэснийг нь тэрбумтнаас асуухад тэрбээр бүх эмэгтэйчүүдийг биш, сэтгүүлч бүсгүй Роузи 0’Доннелийг л тэгж нэрлэсэн хэмээн хариулжээ.
Хариултад сэтгэл ханаагүй хөтлөгч “байцаалтаа” үргэлжлүүлснээр Трамп уурлаж, “Хар л даа, энэний нүд цусаар дүүрч байна. Бүх биенээс нь цус ялгарч байна” гэж хэлсэн аж. Америкийн хэвлэл мэдээллээр Трампыг эмэгтэй хүнийг бүдүүлгээр доромжилсон гэж шүүмжилж байгаа бол намын нөхөд нь “Сонгуульд Трамптай орж ялснаас, түүнгүйгээр өрсөлдоөд ялагдсан нь дээр” хэмээн уриалж эхэлжээ.
Алдарт тэрбумтан хэдхэн хоногийн өмнө улс төрийн зөвлөхөө халж, сонгуулийн ажил нь цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй болоод байна. Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийн нэрийг 2016 оны долдугаар сард болох намын их хурлаар албан ёсоор зарлах юм.