“Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015” Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах болсон. Тэмцээн энэ сарын 19-29-ны хооронд буюу ердөө 10 хоногийн дараа эхлэх юм.
Монголын шатрын холбооноос өнгөрсөн жил Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг Монголд зохион байгуулах саналаа Дэлхийн шатрын холбоонд илэрхийлж, олон оронтой өрсөлдсөний эцэст зохион байгуулах эрхийг авч чадсан.
Тэгвэл тив дэлхийгээс тэмцээнд оролцохоор Улаанбаатарт ирэх тамирчдаа хүлээн авах зочид буудал, тэмцээн зохион байгуулах газар, техникийн бэлтгэл ажил ерөнхийдөө бүрэн хангагдсан байна.
Тэмцээн зохион байгуулахад нийт 500-600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж байгаагаас 70 сая төгрөгийг Засгийн газар төсвөөс гаргажээ. Үлдсэн хөрөнгийг хувийн хэвшлээс гаргаж байна. Мөн Дэлхийн шатрын холбооноос 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 200 гаруй ширээний цаг, мэргэжлийн 200 шатрын хөлөг авах захиалга өгсөн байна.
Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад 20 орчим улсын 170 гаруй тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад гээд дэлхийн түвшний том багууд оролцоно.