Сагсан бөмбөгийн 2015 оны Европын аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 5-наас 20-ны хооронд болох гэж байна. Анх удаа Хорват, Франц, Герман, Латви гэсэн дөрвөн улсын нутаг дамжин зохион байгуулагдах тус тэмцээнийн “А” хэсэгт ОХУ, Бонси Герцеговина, Франц, Финланд, Польш, Израйль, “В” хэсэгт Исланд, Турк, Испани, Серб, Итали, Герман, “С” хэсэгт Голланд, Грек, Хорват, Словени, Македона, Гүрж, “D” хэсэгт Эстони, Латви, Литви, Украйн, Чех, Белгийн шигшээ багууд өрсөлдөнө.
39 дэх удаагийн Европын аваргын “үхлийн” хэсэг нь яах аргагүй “В” групп юм. Энэ хэсэгт Европын аваргаас 2 алт, 6 мөнгө, 3 хүрэл медаль авч байсан Испани, 2 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль авч байсан Итали, сүүлийн дэлхийн аваргын мөнгөн медальт Серб, зохион байгуулагч орон Герман болон 2001 оны Европын дэд аварга Туркийн шигшээ багтсан аж.
Буурал тивийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэцмээнд хуучнаар ЗХУ-ын шигшээ баг 14 удаа түрүүлж байлаа. Мөн хуучнаар Югослав 8 алт, Литви 3 алт, Испани, Итали, Грек тус бүр 2 алт, Чехословак, Франц, ОХУ, Унгар, Латви, Германы шигшээ баг тус бүр нэг удаа алтан медаль авсан байна.