Харилцааны эхэн үед ассан халуун очыг хөргөлгүй хадгалж үлдэхийн тулд бүсгүй хүний ямар зан чанарууд эрчүүдийн хувьд чухал байдгийг доор сийрүүллээ.
Яг өөрөөрөө
Энэ үг бараг бүх нийтлэл дээр давтагддаг. Гэхдээ бид ахин дахин бичихээсээ огт залхахгүй шүү. Угаас өөрөөрөө байна гэдэг бүх сайхан мэдрэмж, харилцааны үндэс шүү дээ.
Сүйт залуу маань ч бас надад “Чи минь өөрийнхөөрөө байхдаа хамгийн үзэсгэлэнтэй нь” гэж үргэлж хэлдэг. Эрчүүд биднийг өөрт нь зориулж дуу дуулж өгөхөд /заавал мэргэжлийн дуучин шиг дуулах албагүй шүү дээ/, гэрээ цэвэрлэнгээ бүжиглэхэд, элдэв дүр, маяг эсгэлгүй байгаагаараа байхад дуртай байдаг. Тиймээс найз залуу чинь чамд гэнэтийн бэлэг баривал юм үзсэн юм шиг байх гэж хичээх биш өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр чөлөөтэй хүлээж авах хэрэгтэй. Энэ л би гэдгээ харуул.
Сайн сонсогч байхыг хичээ
Мэдээж нэг өдөр босоод л энэ бүхэн биелчихгүй. Гэхдээ хүний гоо сайхан, зан чанар гэдэг амьдралын явцад бүрэлдэн тогтдог болохоор чи хүсвэл өөрчилж чадна гэсэн үг. Эрчүүдийг чин сэтгэлээсээ сонсож түүний асуудал чамд ч хамаатай гэдгийг мэдрүүлэх нь чухал байдаг. Ингэхийн тулд чамд бага зэрэг тэвчээр хэрэгтэй. Учир нь эрчүүд өөрийн асуудлаа бусдад илэн далангүй яриад байдаггүй.
Тиймээс “Хонгор минь, чи ярилцмаар байвал би хэзээд дэргэд чинь байх болно шүү” гэдгийг аз жаргалтай үедээ ч үг үйлдлээрээ ойлгуулж бай. Мөн ярицлаж байхдаа түүний хэлсэн өгүүлбэрээс сүүлийн эсвэл түлхүүр үгийг нь аваад давтаж хэлээд байвал түүнийг сайн сонсч байгаа гэдгээ мэдрүүлж, ойлгуулж чадна. Өмнө нь ярьсан зүйлсийг нь санаж, өөрийг нь сонсч санаа тавьдаг хүнд хэн ч дуртай байна шүү дээ. Харин сайн мэдээ гэвэл эрчүүд ч бас “харилцан адил” байх зарчмыг баримталдаг. Хариутай бол бариутай гэж...
Байгаадаа сэтгэл хангалуун
Өөрт байгаа зүйлдээ тааламжтай хандаж, сэтгэл хангалуун байдаг бүсгүйчүүд илүү аз жаргалтай, дэргэд нь байх хүсэл төрөм, үнэтэй санагддаг. Аз жаргалтай хүнд илүү их аз жаргал ирдэг гэдэг шүү дээ. Тиймээс өөрт байхгүй зүйлсийн талаар гомдоллож суухын болиод байгаа зүйлдээ талархаж амьдар. Энэ нь чи цалин өндөртэй сайхан ажил хийдэг байж байж л бүтнэ гэсэн үг биш шүү.
Өөртөө илгэлтэй, эерэг сэтгэлгээтэй байж сайхан бүхнийг хүртэх эрхтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, амьдралд хайртай, өөрөөсөө, амьдралаасаа ичдэггүй байхыг хэлж байна. Жижигхэн ч гэсэн аав ээжийнхээ хөлсөө дуслуулан байж босгосон гэр орноос, төрөлхийн марзан зангаасаа, бондгор хөөрхөн хацарнаасаа, мөнгөө хэмнэж нийтийн унаагаар зорчдог гэдгээсээ битгий санаа зов. Харин ч тэр бүрийнхээ сайн талыг нь олж хараад бахархаж, бахдалтай нь аргагүй бусдад дэлгэдэг, ярьдаг байгаарай.
Бие галбиртаа зөвөөр санаа тавьдаг
Эрүүл хооллохыг эрхэмлэдэг байна гэдэг өөр зүйл. Харин идэж ууж байгаа бүхий л зүйлээ хязгаарлаж, үргэлж л “Уучлаарай би жингээ барьж байгаа” гэж хэлдэг бол асуудал шүү. Хамтдаа цагийг сайхан өнгөрөөхийг хүсч, дуртай киногоо үзэнгээ пицца идэж байтал ямар сайхан амтагдаж байгаа талаар ярихын оронд чамайг хэр их таргалуулж болох талаар ярьж сууж байж болохгүй. Үүний оронд пиццанаас их идэлгүй орхиж эсвэл идсэн ч араас нь хоолныхоо шингэцийг сайжруулан дасгал хөдөлгөөн хийчихнэ гэж бодоод инээмсэглээрэй. Хэрвээ чи угаас эрүүл амьдралын хэв маягтай бол 2 зүсэм пиццанд тэгтлээ дарлагдахгүй биз дээ?
Алдаагаа хүлээн зөвшөөрч, буулт хийж чаддаг
Хосуудын харилцаа үргэлж аз жаргалтай инээд хөөрөөр дүүрэн байхгүй. Энэ үед хэн хэн нь хамтдаа ярилцаж, асуудлаа шийдвэрлэхийг хүсдэг байх хэрэгтэй. Хайртын чинь буруу байсан ч хаалга саваад гараад явахын оронд ярилцаж чаддаг, буруугаа мэдэж байгаа бол уучлал гуйж чаддаг байх хэрэгтэй. Хамгийн хүчирхэг хүн уучлалт гуйж, буруугаа хүлээн зөвшөөрч чаддаг шүү дээ.
Халамжтай
Халамжтай гэдгээ харуулахын тулд цаг минут тутамд “Хоолоо идсэн үү?” гэж асуух шаардлагагүй. Өвдсөн үед нь хоол хийж өгч, дэргэд нь байж, хэцүү үед нь түүнийг сонсож хамтдаа байх нь жинхэнэ халамж юм. Ер нь чи түүнд чин сэтгэлээсээ хандаж байгаа л бол халамж хайр чинь цаанаасаа ундарна. Түүнээс биш халамжтай дүр үзүүлээд бүтэхгүй шүү дээ.
Хөгжилтэй
Эр хүн чамтай тогтвортой харилцаа үүсгэхийг бүр амьдрахыг хүссэн бол хошин шогийн мэдрэмж чинь их чухал. Бусдыг байнга шоолж, алиалах гэсэндээ биш ирээдүйд аливаа зүйлийн эерэг, хөгжилтэй талыг олж харан, стрессээр дүүрэн нийгмийг хамтдаа давах гэсэндээ л тэр. Хэцүү үед ч инээж чаддаг хүн амьдралын сайн хань байж чадна гэдгийг тэд ч мэддэг бололтой.
Өөртөө анхаарал тавьдаг
Бүсгүйчүүд сайхан харагдахын тулд мөнгийг ихээр үрэхэд эрчүүд дургүй гэж бодож байна уу? Тэгвэл мэргэжилтнүүд “Дуртай” гэсэн хариулт өгчээ. Өөртөө анхаарал тавьж, биеэ сайхан авч явдаг эмэгтэйчүүд өөрийн гэсэн зүйлсдээ ч бүхнээ зориулж чаддаг. Угаас өөртөө арчаатай эмэгтэйд хэн дургүй байх билээ?
Гэхдээ өөртөө анхаарал тавьдаг сайхан эмэгтэй гэдгээ нотлохын тулд өдөр бүр 2 цагийг нүүрээ будаж өнгөрөөх хэрэггүй. Хамтдаа агаарт гарч, ууланд алхахаар тохиртол миссийн тэмцээнд оролцох гэж байгаа мэт будчихаад ирж болохгүй шүү дээ. Заримдаа ч гэсэн “Бүр яг байгалиараа” байх нь тэдэнд таалагддаг. Бидэнд ч бас. Эрчүүд өөрийн хайрласан эмэгтэйг хамгийн хөөрхөн нь гэж боддог тул ингэтлээ хичээх хэрэггүй дээ бүсгүй минь. Тэд өөртөө итгэлтэй, өөрийнхөөрөө байхад чинь л дуртай шүү дээ.
Түүнд итгэдэг
Энэ маш чухал. Эрчүүд хаа явсан газраа өөрийгөө эр хүн гэж мэдрэхийг, мундаг байхыг хүсдэг. Ялангуяа хайртай эмэгтэйдээ цор ганц баатар нь байхыг хүснэ. Тийм учраас эр хүнгүй ч би амьдарч чадна гэдэг бодлоо хааяа ч гэсэн дарж түүндээ итгэж найддаг байгаарай. Үүнийг магадгүй харилцаа гүнзгийрсний дараа ярих хэрэгтэй гэж чи бодож байгаа байх. Гэхдээ үгүй шүү. Жижигхэн зүйл дээр ч өөрт нь эр хүн учраас итгэж найдаж байгаагаа харуулаад байвал цаадхад чинь таалагдах болно. Ерөнхийдөө тэд чинь өөрийгөө эр хүн гэдгийг бүрэн мэдрэх газрыг л хайж байдаг юм шүү дээ.
Жаахан хэнэггүй
Хумс нь жоохон хир болох төдий уурлаж бухимддаг, бага зэрэг шавхайтай газраар явлаа гээд өдөржин гомдоллох хэрэггүй. Бид адилхан нэг хотод, нэг улсад л амьдарч байгаа шүү дээ. Байгаа газартаа дасан зохицож, хайрла. Энэ бол нэг талаараа хэнэггүй эрэгтэйлэг зан. Машиныхаа учрыг өөрөө олоод засчихдаг бүсгүйчүүд илүү дур булаам харагддаг гэж дурьдсаныг битгий мартаарай.
Эцэст нь өнөөх мяндсан ухаан
Би хүмүүсийн яриад байдаг хатан ухаан эсвэл мяндсан ухаан гэдгийг бүх зүйлийн тунг тааруулах гэж ойлгодог. Аливаа зүйл хэтрэх эсвэл багадах ч дэмий. Түүний хийж байгаа үйлдэл таалагдахгүй бол нэг л удаа энэ талаар үнэнээр нь хэлэхэд болно. Өөрчлөгдөх эсэх нь түүний л хэрэг. Хэрвээ түүнийг илүү сайжраасай гэж хүсч байгаа бол сайн магтах хэрэгтэй. Бүтэлгүйтсэн ч түүнээс илүүг чадна гэдэгт итгэж байна хэмээн урамшуул. Харин түүгээр ямар нэг зүйл хийлгэхийг хүсвэл үйлдэл нэг бүрчлэн заалгүй зүгээр л санаандгүй мэтээр цухуйлгахад болно.
Эдгээр шинжүүд бол ихэнх эрчүүдийн нийтлэг үзэл бодол дээр тулгуурлан гаргасан зүйлс. Бас “Танд ямар эмэгтэй таалагддаг вэ?” гэсэн асуултад хариулдаг хариултууд нь байгаа биз? Магадгүй чиний залуу тэднээс арай өөр байж болох болохоор өөрөөр нь хүлээн зөвшөөрөөрэй. Хамгийн гол нь хүчээр тааруулах биш та хоёр цаанаасаа л таарах ёстой гэдгийг битгий мартаарай!
Сэтгэгдэл (3)