Өнгөрсөн лхагва гарагт Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн өнгөрсөн долоо хоногт Реюньон арлаас олдсон онгоц далавч сураггүй алга болсон MH370 онгоцных мөн гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.
Харин энэхүү мэдэгдэлд амиа алдсан зорчигчдын гэр бүлийнхэн бүрэн итгэхгүй байгаагаа илэрхийлэв. Мөн онгоцонд сууж явсан хятад иргэдийн гэр бүлийнхэн Бээжингийн агаарын тээврийн компанийн гадна эсэргүүцлийн жагсаал хийжээ. Нэгэн зорчигчийн гэр бүлийн гишүүн “Хохирогчдын гэр бүлд 100 хувийн баттай баримт хэрэгтэй. 99 хувь биш. Гэтэл Малайзын эрх баригчид үүнийг төгсгөл болгохыг хүсч байна” хэмээн өгүүлсэн байна.
2014 оны гуравдугаар сард Куала Лумпураас Бээжинг зорьж явсан Малайзын Иргэний агаарын тээврийн онгоцонд 239 хүн сууж явсан юм. Онгоц гэнэт чиглэлээ өөрчлөн, Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон гэж шинжээчид таамаглаж байсан ч саяхныг хүртэл ямар ч нотлох баримт олдоогүй байсан билээ.
Харин өнгөрсөн долоо хоногт олдсон онгоцны далавч MH370 сүйрсэн гэдгийг албан ёсоор баталсан. Гэвч хохирогчдын гэр бүлийнхэн мэдээлэлд итгэхийг хүсэхгүй байгаа юм.