Үндэсний сурын энэ оны Холимог багийн улсын аварга шалгаруулах харваанд Монголын өнцөг булан бүрээс төлөөлөл болсон 15 багийн 250 харваачид оролцлоо.
Энэхүү тэмцээнд улс даяар дуурсагдах мэргэн, гоц мэргэн, хошой мэргэн, улсын мэргэн 12 оролцсон нь тамирчдын чансаа өндөр түвшинд өрсөлдөх боломжийг бий болгож чадлаа.
Улсын уралдааны тэргүүн байрыг Монгол улсын гоц мэргэн, спортын мастер Л.Отгонбаяр ахлагчтай Эрдэнэт хотын Хангарьд Спорт хорооны Хангарьд баг, дэд байрыг Б.Өлзийдэлгэр ахлагчтай Петровис ХХК-ны Петровис баг, гутаар байрыг спортын мастер Н.Баттөр ахлагчтай Шинэ Налайх баг эзэллээ.
Энэ үеэр үндэсний сурын Баруун бүсийн Чуулга харваа болж нийт 200 гаруй харваач 40 сум харваж онч мэргэнээ сорьсоноос эрэгтэйчүүдээс тэргүүн байранд Спортын дэд мастер Баян-Өлгий аймгийн харваач С.Алтанцоож 38 оноогоор, дэд байрыг Спортын мастер Алдар спорт хорооны харваач Б.Баярсайхан 36 оноогоор, гутгаар байрыг спортын дэд мастер Баян-Өлгий аймгийн харваач Н.Алтаншагай 36 оноогоор тус тус байр эзэллээ.
Харин эмэгтэй харваанд Спортын дэд мастер, Баянгол дүүргийн харваач И.Цэцэгмаа 38 оноогоор тэргүүн байрыг, Спортын мастер, Алдар спорт хорооны харваач Д.Норжмаа 36 оноогоор дэд байрыг, гутгаар байрыг Төв аймгийн харваач Ө.Лхагважав 36 оноогоор тус тус шалгарлаа.
Уг уралдааны үед харвааны амжилтаараа эрэгтэй харваачдаас Үндэсний сурын спортын мастерын болзлыг Спортын дэд мастер С.Алтанцоож А.Пүрэвсүрэн, эмэгтэй харваачдаас Ө.Лхагважав, Спортын дэд мастерын болзолыг М.Одмандах, С.Оргил нар хангалаа.