Японы Хирошима хотын оршин суугчид АНУ-ын цэргийн онгоцноос атомын бөмбөг хаясны 70 жилийн гунигт ойг тэмдэглэж байна. Хирошима хотын дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд болсон арга хэмжээнд 40 мянга гаруй хүн оролцжээ. Арга хэмжээний нээлтийн үеэр Ерөнхий сайд Шинзо Абэ цөмийн зэвсэг хураахыг дэлхий дахинд уриалсан байна.
Мөн атомын бөмбөг Хирошимад олон мянган хүний амийг хөнөөгөөд зогсохгүй амьд үлдэгсдэд өгүүлж баршгүй зовлон учруулсан гэж хэлсэн юм. "Өнөөдөр Хирошима дахин сэргэж, соёл, хөгжил цэцэглэлтийн хот болжээ. Далан жилийн дараа би даян дэлхийн энх тайвны ач холбогдлыг дахин онцлохыг хүсч байна” хэмээн Японы Ерөнхий сайд мэдэгджээ.
1945 оны наймдугаар сарын 6-нд АНУ-ын “Энола Гэй” гэдэг бөмбөгдөгч онгоц Хирошимад атомын бөмбөг хаяжээ. Бөмбөг дэлбэрсний дараа түймэр дэгдэж, хотыг газрын хөрстэй тэгшилсэн юм. Тэр өдөр хамгийн багадаа 70 мянган хүн амь үрэгдсэн бөгөөд хэдэн сарын дотор гэмтэл шарх болон цацрагийн хордлогоор олон мянган хүн нас барьжээ.
Хирошима болон Нагасаки хотод гурав хоногийн зайтай болсон цуврал бөмбөгдөлтийн эцэст Дэлхийн II дайн төгссөн юм. Харамсалтай нь, атомын бөмбөгдөлтийн уршгаар Хирошима хотод 140 мянган хүн амиа алджээ.
Сэтгэгдэл (1)