Дэлхийн хамгийн шилдэг шумбагч Наталья Молчанова өнгөрсөн ням гарагт Испанийн Форментера арлын орчимд шумбаж яваад сураггүй алга болжээ.
Чөлөөт шумбалтаар дэлхийн рекордыг 41 удаа шинэчлэн тогтоож, 23 удаа дэлхийн аварга болсон Молчановаг усанд эндсэн гэж албаныхан үзэж байна.
Тамирчны гэр бүл болон дэлхийн шумбалтын холбооноос энэ сарын 4-нд хамтран мэдэгдэлд хийжээ. Уг мэдэгдэлд Наталья Молчановаг 30-40 метрийн гүнд шумбаж байхдаа эргүүлэгт орж амиа алдсан байж болзошгүй хэмээсэн байна.
Түүний хүү 28 настай Алексей Молчанов Нью-Йорк Таймс сонинд ярихдаа “Тэр далайд үлдэж байгаа бололтой. Энэ нь түүнд таалагдана гэж бодож байна” хэмээжээ.
Гэр бүл болон хамтрагчид нь Молчановаг нас барсан гэж үзэж байгаа ч эрлийн ажиллагааг өдрийн цагаар явуулсаар байгаа аж.