Кыргызын засгийн газрын хүсэлтээр интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Канадын “Centerra gold” компанийн захирал асан Леонардо Хоменюкийг Болгарт гэр бүлийнхээ хамт амарч байхад нь тус улсын Цагдаагийн газраас баривчилжээ.
Интерполоос Леонардо Хоменюк нь олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан нь шалгалтаар тогтоогдсон тул баривчлан саатуулах арга хэмжээг авсан байна. Түүнийг авлигын хэргээр буруутгаж, 2014 оны есдүгээр сараас эрэн сурвалжилж байжээ.
Леонардо Хоменюк 2004-2008 онд “Centerra gold”-ын ерөнхий захирлын алба хашиж байгаад 2008 онд ажлаасаа гарсан байна. Кыргызийн Ерөнхий прокурорын газраас түүнд Кумторын алтны орд газрыг ашиглах төслийн гэрээг авлига, хээл хахуулийн замаар өөртөө ашигтайгаар байгуулсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Хэрэгт тус улсын өндөр албан тушаалын хэд хэдэн хүн болон гадаадын хуульчид холбогдсон бөгөөд авлига, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, улс орны эрх ашигт харшилсан гэрээ байгуулсан гэсэн зүйл ангиар буруутгажээ.
Сэтгэгдэл (5)