Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак өчигдөр шөнө хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулжээ.
Реюньон арлаас олдсон нисэх онгоцны далавчны хэсэг өнгөрсөн онд сураггүй болсон, иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн нисэх онгоцны нэг хэсэг болох нь тогтоогдсон болохыг тэрбээр албаны ёсоор мэдээлсэн гэдгийг "Синьхуа" агентлаг уламжилсан байна.
Мөн Францын Прокурорын газраас хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ, арлаас олдсон далавчны хэсгийг хэмжээ, өнгө болон бусад шинж тэмдэгийг үндэслэн “Боинг-777”-гийн нэг хэсэг мөн гэсэн дүгнэлтэд хүрлээ гэжээ. Францын баруун урд нутгийн цэргийн бааз дээр арлаас олдсон онгоцны хэсгийг Малайзын сураггүй болсон онгоцны нэг хэсэг мөн эсэхийг тогтоохоор судалж байсан аж.
“Malaysia Airlines”-ын “МН370” дугаарын нислэг үйлдэж явсан “Боинг-777” нисэх онгоц 2014 оны гуравдугаар сард Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр нисч байхдаа радараас алга болсон. Энэ онгоцонд зорчигчид болон нисэх багийн гишүүд нийлсэн 239 хүн сууж явсан билээ.