Европын улс орнуудад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын Хөлбөмбөгийн аварга шалгаруулах “EURO 2015” анхдугаар тэмцээн энэ сарын 1-2-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Нион (Nyon) хотноо амжилттай зохион байгуулагджээ.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Швейцарийн Холбооны Улсад үйл ажиллагаа явуулдаг GM-STAR спорт клуб, хамтран зохион байгуулагч болон дэмжигч байгууллагаар Гадаад хэргийн яам, Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа ЭСЯ, Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Швейцарь-Монголын нийгэмлэг, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Европын Хөлбөмбөгийн Холбоо тус тус ажиллажээ. Тус тэмцээн нь Нион хотноо байрлах UEFA буюу Европын Хөлбөмбөгийн холбооны Спорт цогцолборын талбайд зохион байгуулагдсанаараа онцлог болсон байна.
“EURO 2015” анхдугаар тэмцээнд Швейцарь, Герман, Их Британи, Швед, Чех, Франц Улсаас ирсэн нийт 7 багийн 80 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, Швейцарийн M.F.S баг шагналт 4 дүгээр байрт, Шведийн Mustang MGL баг хүрэл медаль, Германы GER-MON Allstars баг мөнгөн медалийг тус тус хүртэж, Чехийн Blansko баг Монгол Улсын Гадаад хэргийн сайдын нэрэмжит цом, алтан медалийн эзнээр шалгарчээ.
Европын улс орнуудад ажиллаж, амьдарч буй монголчуудын эв нэгдэл харилцаа холбоог бэхжүүлэх, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, монголчуудын дунд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх ач холбогдолтой энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.