Дэлхийн Монгол зохиолчдын холбооноос зохиолч Зян Рунд утга зохиолын дээд шагнал "Бичгийн мэргэн" цол тэмдгийг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хүүхэлдэйн театрт болно.
Мөн энэ үеэр "Чонон сүлд" романы Монгол бичгийн хувилбарын нээлтийн ажиллагаатай болох юм байна.
Үүнээс гадна Зян Рун зохиолчийн дотнын найз зураач Чэнь Зи Цюнь энэхүү ёслолд оролцох ажээ. Зураач Чэнь Зи Цюнь нь "Чонон сүлд" романы Ян Көгийн бодит дүр гэдгээрээ хятад даяар алдаршсан, "Үзэсгэлэнтэй асан тал нутаг" гэдэг сүлжээг ажиллуулж, Өвөрмонголын байгаль хамгаалах тал дээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг хүн юм.
Зохиолч Зян Руний талаар товч дурдахад, тэрбээр 1946 онд Бээжин хотод төрсөн. Зян Рун гэдэг нь түүний бичгийн нэр бөгөөд жинхэнэ нэрийг нь Люй Жяминь гэдэг ажээ. "Чонон сүлд" номоо 1997 оноос 2004 онуудад бичиж дуусган хэвлэлд гаргаснаар 100 гаруй орны сая сая уншигчийн ширээний ном болж чаджээ.
Зян Руний өөрийнх нь хэлснээр, “"Чонон сүлд" ном нь чонын тухай хэдэн арван үлгэр, үйл явдлыг тооцож, чоно туйлын махчин, зэрлэг араатан гэдэг утгаар нь ойлгодог хүмүүсийн үзлийг өөрчилж, чоныг тэнгэр язгууртай тэнгэрийн амьтан гэдэг ойлголтыг нь нэмэгдүүлсэнд оршино. Ялангуяа энэ ойлголт нь монгол үндэстэнтэй салшгүй холбоотой болохоор монгол үндэстний өв соёл, нүүдэлчин ахуйг дэлхийд таниулахад энэ ном онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж боддог” гэжээ.