2022 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хотоор Хятад улсын нийслэл Бээжин хотыг Олон улсын олимпын хороо сонголоо.
Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо ОУОХ-ны гишүүд өчигдөр хуралдаж, санал хураалт явуулсан юм. Санал хураалтаар Бээжин хот 44 санал авсан бол Алматыг 40 хүн дэмжсэн байна. Бээжин хоттой Казахстаны хоёр дахь том хот Алматы өрсөлдсөн боловч олимпийн эрхийг авч чадаагүй билээ.
Бээжин хот 2008 оны зуны олимпийг эх орондоо зохион байгуулж байсан. Харин Бээжин хот зуны болон өвлийн олимпыг зохион байгуулсан анхны хот болж байгаа юм. Сонирхуулахад гурван олимп дараалан Ази тивд зохиогдохоор болж байна. Үүнд 2018 оны өвлийн олимп Өмнөд Солонгосын Пянчан хотод, 2020 оны зуны олимп Токио хотод, 2022 оны өвлийн олимп Бээжин хотноо болох юм.