FIFA-гийн ерөнхийлөгчийн сонгуульд Хюндэй группийн хувьцааны хяналтын багцыг эзэмшдэг Өмнөд Солонгосын тэрбумтан Чун Мон Жүн өрсөлдөнө гэж туслах нь өчигдөр CNN агентлагт хэлжээ.
Чун өчигдөр Сөүлд ярилцлага өгөхдөө “Би FIFA-гийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байна. Энэ хялбар ажил биш боловч хүмүүс авлигын нэг хэсэг болохыг хүсэхгүй байна. Тэд шийдлийн нэг хэсэг болох сонирхолтой. Бид FIFA-г ийм шившигтэй байдалд орхиж болохгүй” гэжээ. 63 настай магнат хөлбөмбөгийн дэлхийн удирдах байгууллагын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа ирэх долоо хоногт албан ёсоор зарлах төлөвтэй байна.
Түүнчлэн Францын хөлбөмбөгчин байсан, одоо Европын Хөлбөмбөгийн Холбооны дарга Мишель Платини Сепп Блаттерийг орлох хүсэлтээ лхагва гарагт илэрхийлсэн бол Бразилийн домог Зико мөн тус албан тушаалд өрсөлдөхөөр болжээ.
Өмнөх сонгуульд Блаттертай өрсөлдөж байсан Йорданы хунтайж Али бин Аль-Хуссейн сонгуульд нэрээ дэвшүүлэх эсэхээ шийдээгүй байна. АНУ-аас удирдах 9 албан тушаалтныг нь авлигын хэрэгт татсаны дараа FIFA томоохон шуугианд өртсөн юм. Үүнтэй зэрэгцэн Швейцарийн эрх баригчид 2018 болон 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тендерийг шалгаж эхэлжээ. Энэ үеэр FIFA-г олон жил удирдсан Сепп Блаттер албан тушаалаасаа огцрох хүсэлтээ илэрхийлсэн юм.