Их Британий Ерөнхий Сайд Дэвид Кэмерон Зүүн Өмнөд Азийн бүс нутагт хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Вьетнам улсад хүрэлцэн ирээд байна. Тэрээр тус улсын Ерөнхий Сайд Нгүен Тан Дунгтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт болон хүний наймааны талаар ярилцжээ. Дэвид Кэмерон Вьетнам улсад айлчилсан анхны Их Британий Ерөнхий Сайд болж байна. Цаг гаруй хугацаанд үргэлжилсэн уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхий Сайд нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар болон худалдаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Их Британий хувьд бүс нутагтаа хөгжлийн хурдаараа тэргүүлэх эгнээнд явж байгаа, 90 гаруй сая хүн амтай Вьетнам улсыг худалдаа, зах зээлийн шинэ боломж, бололцоо болгон харж байгаа юм. Их Британий Ерөнхий Сайд Дэвид Кэмероны айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын зуу гаруй бизнесийн салбарынхан багтан ирсэн байна.