Болгар улсад 8 дугаар сарын 1-нээс эхлэн цахилгааны үнийг нэмэхээр болоод байгаа. Энэхүү арга хэмжээний эсрэг тус улсын аж ахуй нэгж, албан байгууллагын ажилтнууд нэгдэн улс орон даяар эсэргүүцлийн жагсаал, цуглааныг эхлүүлээд байна. Цахилгааны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн өчигдрөөс эхлэн явагдаж байна. Өчигдөр эхэлсэн эсэргүүцлийн жагсаалд албан байгууллагын удирдлагууд ажилчдынхаа хамтаар оролцсоны улмаас Болгарын 1000 гаруй компанийн үйл ажиллагаа цаг гаруй хугацаанд зогссон байна. Тус улсад ажил олгогчид, ажилтан албан хаагчид, үйлдвэрчний эвлэлүүд хамтарч жагссан үйл явдал анх удаа болсон байна. Болгарын нийслэл Софи хотын гудамжаар жагссан 5000 гаруй иргэний цуваа тус улсын Засгийн Газрын төв байрны гадна ирж, цахилгааны үнийг нэмэх бус эдийн засгийн шинэчлэл явуулахыг шаардсан байна.
Тус улсын эрчим хүч үйлдвэрлэгч төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийн хооронд удаан хугацааны турш явагдсан яриа хэлэлцээрийн дараа цахилгааны үнийг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан нь эсэргүүцлийн жагсаал явагдахад хүргэсэн байна.