Өчигдөр БНХАУ-д хүрэлцэн ирсэн Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоганыг БНХАУ-ын дарга Си Жинпинь угтан авсан байна.
Угтан авах ёслолын дараа төрийн тэргүүн нар уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцжээ.
Хоёр цаг үргэлжилсэн уулзалтын дараа төрийн тэргүүн нар хоёр улсын хооронд хийгдэх худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах болон Ерөнхий Сайд нарын түвшинд хийгдэх яриа хэлэлцээрийг сэргээж, нэмэгдүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолыг удирдан явуулсан байна.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоганы энэ удаагийн айлчлалын үеэр Хятадын Уйгур үндэстэнд хандах хандлагын талаар болон Хятадад үйлдвэрлэсэн холын тусгалт пуужин худалдаж авах асуудал яригдаж магадгүй хэмээн судлаачид урьдчилан таамаглаж байсан юм.
Гэсэн хэдий ч айлчлалын үеэр эдгээр сэдвүүдийг хөндөж ярилцсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өчигдөр мөн Исламын Улс бүлэглэлийн халдлага, довтолгооны эсрэг хариу арга хэмжээ болгон явуулж байгаа агаарын цохилтын асуудлаар Туркийн Парламент хуралдсан байна. Хуралдааны үеэр тус улсын сөрөг хүчний зүгээс Туркийн эсрэг үйлдэж байгаа халдлагыг парламентын түвшинд нухацтай судалж үзэх саналыг тавьсан ч гишүүд энэ саналыг хүлээж аваагүй байна. Туркийн зүгээс Иракийн хойд хэсэгт байрлаж байгаа Курдийн босогчид руу агаарын цохилт үзүүлсээр байгаа. Босогчдыг бууж өгөхөөс нааш агаарын цохилт үргэлжлэх болно хэмээн Туркийн Засгийн Газар мэдэгдсэн байна.