Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд ОХУ-ын Казаньд болж байна. 16 дахь удаагийн ДАШТ-д 190 орны 2400 орчим тамирчин 75 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр нийт дөрвөн тамирчин ДАШТ-д оролцохоор хойд хөршийг зориод байна. Тодруулбал, усан спортын ОУХМ Б.Дөлгөөн, спортын мастер М.Дэлгэрхүү, спортын 1-р зэрэгтэй Б.Есүй (бүгд "Хангарьд" клуб), спортын дэд мастер Б.Энххүслэн (БГД-ийн УССТ-ийн тамирчин) нар өрсөлдөх юм. Тамирчид 50 м-ийн мэлхий сэлэлт, араар даллах, 100 м-ийн далайн гахай, өврөөр даллах, 4*100 холимог сэлэлт зэрэг төрлүүдэд өрсөлдөх бөгөөд наймдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тэмцээнээ эхлүүлнэ хэмээн Монголын усан спортын холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (1)